Saturday, October 24, 2009

Монте-Кристо арлын тайлагдашгүй нууц

Монте Кристо дэлхийн хамгийн алдартай арлын тоонд ордог. Үзэсгэлэнт байгаль, түүнийг тойрсон элдэв цуу яриа нь олны анхаарлыг татаж ирсэн юм. Үүнд бас Александр Дюма ч их үүрэг гүйцэтгэсэн аж. “Францын алдарт зохиолч Александр Дюмагийн ачаар үе үеийн уншигчдын сайн танил болсон Монте Кристо арлын нууцыг тайлахын тулд түүнийг хамгаалж байна” гэж Би Би Си радио станц мэдээлжээ. Газар дундын тэнгист оршдог Монте Кристо арлыг саяхан Италийн засгийн газар дархалж, ан ав хийхийг хориглон, ургамлын аймгийг нь хамгаалах шийдвэр гаргасан байна. Мөн Италийн эрдэмтэд тус аралтай холбоотой домог яриаг шинжлэх ухааны үүднээс судалж үзэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Алсаас гантиг чулуун уул мэт харагдах, далайн зөөлөн салхи сэвэлзэн үлээсэн намуухан энэ арал дээр янгир, нугас хоёр хамтдаа бэлчиж явсан үе байсан гэдэг. Харин алт эрдэнэс хайсан далайн дээрэмчид, хил дамжин хориотой худалдаа сэм хийдэг нууц бүлгийнхний гай, дээдэс язгууртнууд зугаагаа гарган ан ав хийж байсны уршгаар эдүгээ Монте Кристогийн унаган төрх алдагдаж, ховор нандин ургамал устаж үгүй болох ирмэгт тулжээ. Монте Кристо нь уул гэсэн утгатай Итали үг аж. ХI зууны үед Италийн нэгэн ламтан оргон зугатаж яваад тухайн үед эзэнгүй байсан арал дээр хүрч ирээд, “Бурхан минь, уул байна” гэж хэлжээ. Энэ үеэс хойш газар дундын тэнгист орших тэр эзэнгүй арлыг христийн уул буюу Монте Кристо хэмээн нэрлэх болсон гэсэн домог яриа бий. Мөнөөх ламтан Монте Кристо арал дээр сүм байгуулжээ.

Шавь нар нь ч түүний хойноос ирж суурьшсанаар Монте Кристо арал хүмүүсийн анхаарлыг татах болсон аж. Корсик, Тоскан, Сардинийн эрх мэдэлтнүүд ламтаны санаачилгыг дэмжиж, сүмийг ивээн тэтгэж байжээ. Энэ үед яагаад ч юм бэ, Монте Кристо арал дээр асар их алт эрдэнэс нуусан байдаг гэсэн цуу яриа таржээ. Энэ ярианд үнэмшсэн Алжирын далайн дээрэмчид Монте Кристо арал руу дайран довтолж, улмаар бүх лам нарыг хядаж, сүмийг нь балгас болгосон аж. Харин арлыг чадлынхаа хэрээр нэгжсэн боловч алт эрдэнэс олж чадсангүй. Энэ эмгэнэлт явдлын дараа Монте Кристо арлыг английн язгууртан Уотсон Тейлор худалдан авчээ.

Тэрбээр арлын байгалийг хамгаалан, ургамал, цаг агаарыг нь судлах ажлыг эхлүүлсэн байна. Гэтэл дахиад л арал руу дайран довтлох аюул бий болов. Александр Дюма “Монте Кристо гүн” алдарт романдаа Эдмон Дантес хэмжээ хязгааргүй их алт эрдэнэс олсон тухай бичсэнээс хойш тус арлаас алт эрдэнэс хайгчдын хөл тасарсангүй. Сонирхолтой нь, “Монте Кристо гүн” романд гардаг ширээт лам Фариа нь Энэтхэгийн баруун хэсэгт төрсөн, колончлолын эсрэг хөдөлгөөнийг тэргүүлж явсан нэгэн аж. Тэрбээр Лиссабонд шийтгүүлж, улмаар Парист дүрвэн суурьшжээ. Тухайн үед асар их боловсролтой байсан Фариа ширээт ламтантай А.Дюма байнга уулзан, сонирхолтой яриаг нь анхааралтай сонсож, хожмын өдөр түүнийг зохиолынхоо нэг гол баатар болгосон гэдэг.

Гэхдээ ширээт лам Фариа Монте Кристо арал дээр алт эрдэнэс нуух нь байтугай, тэнд очиж үзээгүй хүн байсан аж. А.Дюма эртнээс нааш Монте Кристо арлын тухай хачирхалтай сонин түүх, тэнд хязгааргүй их алт эрдэнэс нуусан гэсэн домог яриаг уран сэтгэмжээр баяжуулан бичжээ. Олон зуун жилийн тэртээгээс ам дамжин ирсэн энэ яриа ХХI зуунд ч олны сонирхлыг татсан хэвээр байна. Тэр ч байтугай, эрдэмтэд судлаачид хүртэл Монте Кристо арлын хаа нэгтээ асар их эрдэнэс байж болзошгүй. Тус арал дээр ирсэн анхны хүн болох ламтан их чинээлэг, сурвалжит гэр бүлээс гаралтай нэгэн байсан аж. Иймээс түүнд алт мөнгө байсан байж болзошгүй гэж үздэг байна.

No comments:

Post a Comment