Wednesday, December 2, 2009

Монгол улсын эдийн засгийн байдал (2009 оны эхний 10 сарын байдлаар)


Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2009 оны 10 дүгээр сард өмнөх сартай харьцуулахад
0.3 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсийнхээс 1.8 хувь өсчээ. Хүнсний бараа, ундаа, ус болон орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгээс бусад бүлгийн үнэ дүнгээрээ 1.4-20.2 хувь нэмэгдсэн нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын дүнгээр өмнөх оны жилийн эцсийнхээс 1.8 хувь өсөхөд нөлөөлжээ.


Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 10 дугаар сарын эцэст 2671.0 тэрбум төг болж өмнөх сарынхаас 17.6 тэрбум төг буюу 0.7 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 313.3 тэрбум төг буюу 13.3 хувиар өсчээ.

Мөнгөний нийлүүлэлт оны эхнийхээс 401.0 тэрбум төг буюу 17.7 хувиар нэмэгдэхэд бараг мөнгө 439.6 тэрбум төг буюу 27.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 10 дугаар сарын эцэст 359.6 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.8 тэрбум төг буюу 1.1 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 30.3 тэрбум төг буюу 9.2 хувиар нэмэгджээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 10 дугаар сарын эцэст 2618.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 12.9 тэрбум төг буюу 0.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 73.3 тэрбум төг буюу 2.7 хувиар тус тус буурсан байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 10 дугаар сарын эцэст 200.9 тэрбум төг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.7 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 2.6 тэрбум төг буюу 1.3 хувиар, харин өмнөх оны мөн үеийнхээс 141.9 тэрбум төг буюу 3.6 дахин нэмэгджээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 406.1 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 15.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх сарынхаас 8.4 тэрбум төг буюу 2.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 322.9 тэрбум төг буюу 4.9 дахин нэмэгдсэн байна

Үнэт цаасны арилжаа 2009 оны 10 дугаар сард 22 удаа явагдаж, 3.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 3.8 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ. Арилжаалсан үнэт цаасны тоо өмнөх сарынхаас 3.4 сая ширхэг буюу 47.4 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 1.0 сая ширхэг буюу 20.2 хувиар буурчээ. Гүйлгээний хэмжээ өмнөх сарынхаас 1.4 тэрбум төгрөг буюу 75.4 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум буюу 3.2 дахин өсчээ.

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2009 оны эхний 10 сард 1519.6 тэрбум төг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1855.6 тэрбум төг болж, нийт тэнцэл 336.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Төсвийн алдагдал 2009 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 265.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт орлогынхоос 14.9 пунктээр өндөр байгаа нь нөлөөлжээ Төсвийн урсгал орлого 1504.3 тэрбум төг, урсгал зардал 1401.5 тэрбум
төг болж, урсгал тэнцэл 102.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 315.8 тэрбум төг буюу 20.2 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 226.4 тэрбум төг буюу 65.2 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 61.3 тэрбум төг буюу 27.8 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10.4 тэрбум төг буюу 3.7 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 57.1 тэрбум төг буюу 28.6 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 61.5 тэрбум төг буюу 3.1 дахин, навигацийн орлого 10.3 тэрбум төг буюу 68.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний 10 сард 1855.6 тэрбум төг болж өмнөх оны мөн үеийнхээс 10.0 тэрбум төг буюу 0.5 хувиар өсчээ. Үүнд цалин, хөлсний зардал 32.7 тэрбум төг буюу 7.5 хувь, татаас, шилжүүлэг 55.0 тэрбум төг буюу 9.6 хувиар өссөн, түүнчлэн хөрөнгийн зардал 26.8 тэрбум төг буюу 8.0 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2009 оны эхний 10 сард 309.5 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 26.8 тэрбум төг буюу 8.0 хувиар буурсан байна. Хөрөнгийн зардлын бууралт нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 30.4 тэрбум төг буюу 9.5 хувиар багассанаас голлон шалтгаалжээ. Манай улс 2009 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн 113 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3192.1 сая ам.доллар, үүнээс экспорт 1487.0 сая ам.доллар, импорт 1705.2 сая ам.доллар боллоо.

Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний 10 сард 218.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 335.8 сая ам.доллар буюу 2.5 дахин буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1663.7 сая ам.доллар буюу 34.3 хувь, үүний дотор экспортын хэмжээ 663.9 сая ам.доллар буюу 30.9 хувь, импортын хэмжээ 999.8 сая ам.доллар буюу 37.0 хувиар тус тус буурчээ.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын үнийн дүн 49.2 хувь; цайрын баяжмалын биет хэмжээ 4.3 хувь, үнийн дүн 38.9 хувь; боловсруулаагүй алтны биет хэмжээ 36.7 хувь, үнийн дүн нь 34.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт

2009 оны эхний 10 сарын байдлаар 15.0 сая эх мал буюу нийт төллөх эх малын 81.0 хувь нь төллөсөн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар 1535.0 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 59.1 мянгаар буюу 4.0 хувиар нэмэгдлээ.

No comments:

Post a Comment